10 сар 25 2017 0Comment

Ц.Түвшинжаргал: Бид импортыг орлох дотоодын хамгийн том үйлдвэрийг ашиглалтад орууллаа

“Ньюгрийн лайф” компанийн захирал Ц.Түвшинжаргалтай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Нэг үеэ бодвол манайхан барилгын материалаа өөрсдөө үйлдвэрлэх болжээ. Танайх ийм үйлдвэрүүдийн нэг. Үйлдвэрийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Манай “Ньюгрийн лайф” ХХК 2012 онд байгуулагдсан. Барилгын хуурай хольцын үйлдвэрлэл явуулдаг. Одоогоор 7 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйлдвэр маань Шувуун фабрикт байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Улс орны хувьд барилгын салбар үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ёстой гэж үздэг. Хамгийн чанартай, хамгийн баталгаатай аюулгүй бараа материалыг үндэснийхээ хэмжээнд үйлдвэрлэж, нийлүүлж байх нь чухал гэдэг. Гэвч харамсалтай нь манайд ийм боломж хомс байж ирлээ. Өөр улс оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн түүхий эд нь Монголын цаг уур, орчны нөхцөлд тэр бүр тохирдоггүй. Тиймээс бид эх орныхоо түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, импортоор авдаг бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэе гэж анхнаасаа зорьж ажилласан. Ингээд зуун хувь үндэсний компани барилгын салбарын тодорхой бараа материалыг үйлдвэрлэж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө, бас ч гэж амжилттай ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна.

-Барилгын хуурай хольц гэхээр яг ямар төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна вэ?

-Одоогоор манай үйлдвэр хар замаск, плитаны цавуу, хөөсөнцрийн цавуу, фасадны өнгөт чулуун замаск, хөнгөн блокны цавуу, цагаан замаск, шал тэгшлэгч зэрэг нийт 7 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай компани улсын итгэмжлэгдсэн лабораторид бүтээгдэхүүнээ тогтмол шинжлүүлдэг. Бүтээгдэхүүн тус бүр барилгын хуурай хольцод тавигдах МNS: 6424-2013 стандартыг бүрэн хангасан байгаа.

-Танай үйлдвэрийг бүрэн автоматжсан гэж сонссон. Ийм үйлдвэр дотооддоо байтугай бүс нутагтаа ховор гэж дуулсан юм байна?

-Анх байгуулагдаад ажиллаж байхдаа бага оврын тоног төхөөрөмжтэй, цөөн тооны ажилчидтай байсан. Улмаар 2016 оны зун ХХААХҮЯамнаас “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл”-ийн хүрээнд 3 тэрбум төгрөгийн зээл авч үйлдвэрээ бүрэн автомат болгон өргөжүүлсэн. Бид тоног төхөөрөмжөө БНХАУ-ын MG Machinery компаниас худалдан авч суурилуулсан. Хоногтоо 100 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Үнэхээр томд тооцогдож байгаа.

Одоогоор ийм том үйлдвэр бүс нутгийн хэмжээнд Казахстан улсад нэг байдаг юм байна лээ.

Энэ үйлдвэрийн хамгийн гол давуу тал нь бүрэн автомат болохоор бүтээгдэхүүний орц алдагдах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрсдэл маш бага гэж ойлгож болно.

-Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдсан гэсэн үг үү?

-Ер нь тэгж ойлгож болно. Гараар хийдэг байсан эрсдэлтэй ажилбарууд байхгүй болсон. Өглөө бүр зааварчилгаа өгснөөр ажлаа эхэлж, сар бүр хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг хийж нэгэнт хэвшсэн. Манай үйлдвэрт 30 гаруй хүн ажиллаж байна. Бид мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгдөг байгууллагуудтай хамтран барилгын материалын үйлдвэрлэл болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалт авч байна.

-Энэ их хөрөнгөөр бүрэн автомат үйлдвэр байгуулна гэдэг өнөөгийн хямралын үед эрсдэлтэй, зоригтой алхам биш гэж үү?

-Гэхдээ бид алийн болгон гаднаас баталгаатай үгүй нь мэдэгдэхгүй бараа бүтээгдэхүүн авч байр байшингаа барьж байх билээ дээ. Хэн нэгэн нь эрсдэлээс айхгүй ажлыг эхлэх л ёстой.

Мэдээж бид үйлдвэрээ өргөжүүлэхээс өмнө олон төрлийн судалгаа хийж, төлөвлөсний үндсэн дээр байгуулсан, таамаглаж болох бүхий л эрсдэлийг тооцоолж үзэлгүй яахав. Манай улс барилгын хуурай хольцын бүтээгдэхүүний 70 гаруй хувийг импортоор авч байна. Бид энэхүү импортын хэмжээг бууруулж. дотоодын зах зээлийг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах зорилго тавин ажиллаж байна.

Бид чанарыг амладаг учраас өөрсдийнхөө үйл ажиллагаанд итгэлтэй байгаа. Манай үйлдвэрийн гол зорилго бол чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд бид 2016 онд гэхэд гаднаас хоёр ч удаа мэргэжилтэн урьж ажиллууллаа. Мөн дотоодын барилгын материалын үйлдвэрлэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээс тогтмол зөвлөгөө авч бүхий л стандарт. нормыг ханган ажиллаж байна.

Мөн харилцагчдынхаа тав тухыг эрхэмлэж байна. Хэрэгцээтэй газар нь түргэн шуурхай бараа материалаа хүргэж өгөхөд анхаарч ажилладаг. Манай компани түгээлтийн гурван машинтай. Жолооч нар үйлдвэр дээр байрлан түгээлт хийдэг. Хэрвээ худалдан авагч байгууллага орой 22 цагт авъя гэхэд бид хүргээд л өгдөг. Мөн бид бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь хүргэхийн тулд хэрэглэгчид бүтээгдэхүүний захиалгыг онлайнаар хийдэг систем хийхээр ажиллаж байна.

– Импортоор орж ирдэг ижил төрлийн бүтээгдэхүүнээс танайх юугаараа давуу вэ. Өөрийн эх орны түүхий эдээр бүтээгдэхүүнээ хийдэг гэж дээр хэлэв үү дээ?

-Нуулгүй хэлэхэд. Хятад болон бусад орнуудаас импортоор орж ирж буй бүтээгдэхүүний түүхий эд материал нь манай Монголын цаг уур, орчны нөхцөлд тохиромж муу байдаг. Жишээ нь: БНХАУ манай улсыг бодвол харьцангуй дулаан уур амьсгалтай газар. Газар зүйн байрлалаас хамааран элсний ширхэг хүртэл өөр өөр байдаг. Тийм газар хэрэглэхээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг манай орны эрс тэс уур амьсгалд хэрэглэхэд амаргүй. Үүнээс үүдэн чанар муутай, эдэлгээ даахгүй нөхцөл бий болдог. Харин бид эх орныхоо түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа нь бусдаас ялгарах давуу тал яах аргагүй мөн. Түүнчлэн гарал үүсэл нь тодорхойгүй, буух эзэн буцах хаяггүй бараа бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэнэ гэдэг бол тэр чигээрээ азанд найдсан хэрэг болно. Харин бид хэрэглэгчдэдээ чанар, баталгаа мөн ажлын хариуцлагыг амлаж чаддаг.

-Барилгын салбар өвлийн улиралд сул зогсдог. Танайх сул зогсолт хийсэн үү?

-Манайх энэ өвөл зогсохгүй. Дулаанаа авсан барилгууд дотор заслын ажилд хэрэглэх цагаан замаск, плитаны цавуу болон тэгшилгээ хийх хар замаск гэх мэт бүтээгдэхүүний захиалгууд ирж байна.

– Компанийнхаа гар бие оролцсон бүтээн байгуулалтуудаас дурдаач. Танай компани одоогоор ямар, ямар газруудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна вэ?

-Манайх барилгын салбартаа тэргүүлэгч байгууллагууд хувь хэрэглэгчидтэй хамтран ажилладаг. “Эко констракшн” ХХК- ийн КИНГ ТОВЕР, “Эрин интернэшнл” ХХК-ийн “Эрин хороолол”, “Тэлмэн Констракшн” ХХК-ийн “Шинэ Налайх” болон “Шинэ яармаг”, “Буянт Ухаа-2” зэрэг төслүүд дээр бүтээгдэхүүнээ нийлүүлж хамтран ажиллаж байна. Дээрх төслүүдээс гадна “Дэстинэйшнл Монголиа ХХК”. “Дельта констракшн” ХХК,  “Батс-Өргөө” ХХК, “Бэрэн групп”, “Эфэс констракшн” ХХК зэрэг 40 гаруй компани болон иргэд, худалдаачид, хувь бригадуудтай хамтран ажиллаж байна.

-Зах зээл дээрх хуурай хольцын бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь Хятад улсынх байх аа…

-Тийм ээ. Манай зах зээлд Хятадын бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлдэг. Хэрэглэгчид хямд үнээс шалтгаалан чанар муутай бүтээгдэхүүн сонгож хэрэглэдэг дутагдал байдаг. Үүнээс үүдэн чанар муутай барилга байгууламж бий болдог. Харин барилгын салбарынхан, хувь хэрэглэгчдийн дэмжлэгтэйгээр бид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах чадалтай.

-Үйлдвэр чинь Шувуун фабрикт юм байна. Яагаад хотоос зайдуу үйлдвэрээ байгуулсан юм бэ?

-Бид энэ үйлдвэрээ улам бүр өргөтгөн бүтээн байгуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Тийм болохоор үйлдвэрээ хотоос зайтай байгуулах ёстой гэсэн үүднээс Шувуун фабрикт байгуулсан.

-Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд ямар бодлого баримталж ажилладаг вэ?

-Олон төрлийн ажил бий. Хамгийн сүүлийн жишээ бол жүжигчин Г.Ундармаагийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг засварлах ажилд манай байгууллага өөрийн бүтээгдэхүүнээрээ тусалж дэмжсэн. Хүнд эрүүл мэнд чухал тэр тусмаа бидний хойч ирээдүй болсон бяцхан хүүхдүүдэд. Тэд эрүүл байж аюулгүй орчинд өсөж хүмүүжих ёстой. Бид үүний тулд л чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байшин барилга, засвар, тохижилтод өөрсдийн хувь нэмрээ оруулах хүслээр ажилладаг.

-Цаашдын зорилго, зорилт тань юу вэ. Юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Дотооддоо хуурай хольцын нэмэлт түүхий эд болох нунтаг цавуунуудыг эх орондоо үйлдвэрлэх зорилго тавин Москва хотын “WACKER POLYMERS” болон Бээжин хотын “BEIJING LIAN XIANG SHANG CHEMICAL TECHNOLOGY” химийн лаборатори, үйлдвэрлэл явуулдаг компаниудтай хамтран ажиллаж байна. Бид 2017 онд хоёр том зорилт тавьсан. Нэгдүгээрт. ISO 9001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх. Үүний тулд ажлын бүтээмж чанарыг дээшлүүлэхээр 55 хөтөлбөр хэрэгжүүлж, ажилчдын бүтээлч санаачилгыг дэмжин үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх КАЙЗЕН системийг нэвтрүүлэн ажиллаж байна. КАЙЗЕН болон 5S-ийг хэрэгжүүлснээр ажилтан албан хаагч бүрийн ажлын бүтээмж нэмэгдэж, өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж. цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, богино хугацаанд үйлдвэрлэлийг явуулж байна.Хоёрдугаарт, экспортод бүтээгдэхүүнээ гаргах явдал. Бид анхан шатны гэрээ хэлэлцээрүүдийг амжилттай хийгээд явж байна.

-Монголдоо барилгын материалуудыг үйлдвэрлэж цаашлаад гадагшаа зах зээл рүү гаргахаар ажиллаж байгаад тань талархаж байна. Гэхдээ ойрын үед хуурай хольцын зах зээлийн ирээдүйн чиг хандлага ямар байна вэ?

-Яг одоо бол барилгын салбар жаахан уналттай байгаа нь үнэн. Гэхдээ удахгүй манай улсын эдийн засаг сэргэнэ гэдэгг итгэлтэй байна. Барилгын салбарын бүтээн байгуулалт өнөөгийнхөөсөө илүү эрчимжих байх. Энэ үед дотоодын үйлдвэрүүд хуурай хольцын зах зээлийг бүрэн хангана гэж харж байгаа.

– Танай бүтээгдэхүүнийг сонирхсон, худалдан авах хүсэлтэй хүмүүс та бүхэнтэй яаж холбогдох вэ.

Манай захиалгын болон борлуулалтын албаны 9444- 4124, 9444-4125 дугаараар холбогдож мэдээлэл авах болон захиалга өгч болно. Мөн манай вэб сайтаар зочлон дэлгэрэнгүй мэдээллээ авч болно.

-Зав гарган үйлдвэрийнхээ болон бүтээн байгуулалтынхаа талаар ярилцсанд баярлалаа.

-Бидний бүтээн байгуулалт, үйлдвэрийн маань тухай сонирхож ярилцлага авсанд баярлалаа. Та бүгдийн ажилд амжилт хүсье. Мөн нийт хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүстээ ирж буй шинэ оны мэнд дэвшүүлье.

ӨДРИЙН СОНИН 2016.12.07 ЛХАГВА №281, 282 (5546, 5547)

temka